Монголын одон бөмбөгчид 15 дахь удаагаа чуулж, холбооны дүрмээ шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн чуулганд удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубуудыг багтаан нийт оролцвол зохих 135 гишүүдээс 123 гишүүн буюу 91,1 хувийн ирцтэйгээр хуралджээ.
Монголын Ширээний Теннисний Холбооны (МШТХ) ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Барилга хот байгуулалтын сайд Ц. Мөнхбаяр, Эрдэнэс таван толгой компаний дэд захирал О. Одбаяр, Драгон холдинг группын захирал С. Баярт, Төмөрт-Өргөө компаний ерөнхий захирал Ц. Гантулга нар нэр дэвшсэнээс Ц. Мөнхбаяр, О. Одбаяр нар нэрээ татаж авсан ба эцсийн шатны санал хураалтаар Цэндсүрэнгийн Гантулга 93 гишүүний буюу 77,5 хувийн санал авч Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Үүгээр МШТХ-ны ерөнхийлөгч Ц. Гантулга маань Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр ажиллаж, ирэх 4 жилд Их олимпийн төрөл болох ширээний теннисийг удирдан авч явах эрхэм хүндтэй үүргийг хүлээж байна.
МШТХ-ны шинэ ерөнхийлөгч Цэндсүрэнгийн Гантулга танд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: МШТХ-ны цахим мэдээллээс